Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй зангиагүй уулзалт хийлээ. Тэрээр олон нийтийн хамгийн эмзэг сэдэв болсон, утаа болон агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллээр ойрын хугацаанд хотын захиргааг Яармагийн дэнж рүү шилжүүлэх бөгөөд 2018-2019 онд багтаж эхний ажлуудаа ийхээр төлөвлөжээ. Тодруулбал, НЗДТГ, НИТХ болон нийслэлийн харьяа гучин гурван агентлаг, зарим үйлдвэрийн газрыг нүүлгэх юм байна. Түүнчлэн Хотын дарга агаарын бохирдол, утаанаас залхаж байгаагаа энэ үеэр онцолсон байна.
Тэрээр ярихдаа \”Хотын захиргааг нүүлгэснээр гучин таван мянган төрийн албан хаагчаас гадна гучин мянган иргэн хотоос гарна. Тэр хэмжээгээр хот түгжрэлгүй болно. Яармагийн дэнжийг сонгосон нь хэд, хэдэн шалтгаантай юм. Нэгдүгээрт, тухайн газарт сул зай, талбай их. Хоёрдугаарт, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж үзсэн учраас уг газрыг сонгосон. Утаанаас салахын тулд хамгийн зөв шийдэл нь хотоо орон сууцжуулах явдал юм. Утаа, авто замын түгжрэлээс салахын тулд дагуул хотуудыг байгуулж, хотоо тэлэх бодлогыг барьж ажиллаж байна” гэв.
Ж.Бат