Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, гадаа ил задгай хөлдөөсөн бууз баншаар дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүрчээ. Гадаа хөлдөөсөн бууз банш дээр унасан утааны нунтаг тоосонцор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын өвчин, харшил цаашлаад хорт хавдар үүсгэх шалтгаан болдог байна.
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанар дунд болон их бохирдолтой, тэр тусмаа гэр хороолол орчимд маш их бохирдолтой байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10 тоосонцорын агууламж 2.8 хувиар их байгааг Агаарын бохирдлыг бууруулах газраас тогтоожээ.
\”Монголчуудын уламжлалт баяр Цагаан сартай холбогдуулан иргэд хэвийн боов, бууз баншаа гэрийн нөхцөлд хийж, гадаа хөлдөөдөг. Тэгэхээр аль болох уламжлалт аргаасаа татгалзаж хөргөгч, хөлдөөгчинд хөлдөөх хэрэгтэй. Тэр тусмаа утаатай, агаарын бохирдол ихтэй энэ үед уламжлалт аргаасаа татгалзах шаардлагатай” гэж НМХГ-ын ахлах байцаагч Г.Баясгалан хэлж байна.
Дутуу шатсан нүүрснээс нарийн тоос, тортог, химийн органик нэгдлүүд ялгарч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Улмаар утаанд агуулагддаг бензо /а/ пирен бодис нь уушиг, давсагны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Тиймээс агаарын бохирдол ихтэй орчинд хөлдөөж байгаа бууз баншыг хэрэглэхгүй байх нь чухал байгаа юм.
Тиймээс үйлдвэрийн аргаар бэлтгэж хөлдөөсөн буузыг хэрэглэх нь хүнсний аюулгүй байдал талаасаа илүү баталгаатай байдаг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажсан бууз баншийг хэрэглэхийг Судлаач Б.Чимэддулам ард иргэдэд зөвлөж байна.