Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга \”Юун түрүүнд Танд баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ард түмний харилцаа сайжирч байгаа. Ялангуяа, хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ түвшинд гаргахад өндөр хүчин зүтгэл гаргасныг тань өндрөөр үнэлж шагналаа. Цаашдаа хамтын ажиллагаандаа улам их амжилт гаргаарай” гэв.
Харин ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич \”Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Х.Баттулга миний хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж, шагнал гардуулсанд баярлалаа. Уулзах цаг зав гаргаж, ярилцаж байгаад мөн талархаж байна. ОХУ болон Монгол Улсын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг би мэдэрч байна. Мөн Монгол Улс манай Буриад улстай харилцаагаа илүү нягт болгох хэрэгтэй гэж бодож байна” гэлээ. Мөн тэрээр Монгол Улсад цахилгаан эрчим хүч тотвортой үнээр тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.
Транзит тээвэр, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар талууд санал солилцож ярилцлаа.