Үнийн зөвлөл өчигдөр хуралдаж, АИ92, А80 шатахууны үнийг нэмэхгүй байхаар шийдвэрлэлээ. Харин АИ95, АИ98, Евро5 зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэсэн зөвлөмжийг гаргаад байна. Учир нь энэхүү тансаг зэрэглэлийн гурван төрлийн шатахууныг нийт хэрэглэгчдийн ердөө нэг хувь нь худалдан авдаг аж.
Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалж, нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд төрийн талаас Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг байна.
Хувийн хэвшил талаас \”НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, \”Магнай трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, \”Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал, \”М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, \”Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар багтдаг билээ.
Мөн үүн дээр нэмэгдэж, МҮЭХ-ны ерөнхийлөгч, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч нар саналын эрхтэйгээр оролцдог байна.
Шатахууны үний зөвлөл нэгдүгээр сарын 9-нд хуралдаж, нефть импортлогчид алдагдалтай ажиллаж байгаа эсэхэд шалгалт хийх ажлыг хэсгийг байгуулсан бөгөөд дүгнэлтээ Үнийн зөвлөлд өчигдөр танилцуулжээ. Дүгнэлтээр импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байсан гэдэгтэй Үнийн зөвлөл санал нэгдэв. Ийнхүү АИ92, А80 шатахууны үнийг нэмэхгүй байх, ипортлогчдын татварын асуудлыг нэгдүгээрсарын 25-нд Монгол улсад ажиллах ОУВС-гийнханд танилцуулах юм байна.
Түүнчлэн үнийн асуудлыг Засгийн газар татварын бодлогоор зохицуулах чиглэл бүхий зөвлөмж гаргаж, уг зөвлөмжийг Засгийн газар, Сангийн яам, УУХҮЯ, ШӨХТГ зэрэг байгууллагуудад хүргүүллээ. Харин дизель түлшийн үнийн асуудлаар тодорхой шийдвэрт хүрээгүй бөгөөд энэ асуудлыг эргэж ярилцахаар болжээ.