МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус
намын даргаар бүртгэх эсэх асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцсэн юм. Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн
О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргалаа. Шүүх хуралд О.Баасанхүү гишүүн, нийслэлийн
МАХН-ын дарга Г.Бямбасүрэн нар иржээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр ирсэнгүй. Түүний
оронд дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон
намын гишүүн Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар оролцов.
Оны өмнөхөн МАХН-ын II их чуулган Төрийн ордонд
болсон. Энэхүү хурлаар намын даргын албан тушаалаас Н.Энхбаярыг чөлөөлж, оронд
нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилсон юм. Харин тус намын зарим удирдлага
тэрхүү чуулганыг хууль бус болсон гэж үзээд, хурлаас гарсан шийдвэрийг хүлээн
зөвшөөрөөгүй.Гэхдээ О.Баасанхүү гишүүн намын даргаар
сонгогдсоноо бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан юм. Түүнийг МАХН-ын
даргаар бүртгэх эсэх хурлыг Улсын Дээд шүүх нэгдүгээр сарын 5-ны өдөр
товлосон ч, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хурлыг
хойшлуулах санал гаргаж байсан билээ.