Улсын хэмжээнд Сэлэнгэ, Булган, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, аймгуудад Мал амьтны гоц халдварт өвчний гоц халдварт шүлхий өвчин гарсантай байгаатай холбогдуулан, нийслэлд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар албан бичиг боловсруулж нийслэлийн Засаг даргын орлогчийн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 02-03 тоот албан үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж Улаанбаатар хотод шүлхий өвчний вирус тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлж, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 3.61-ийн гарам, Чингэлтэй дүүргийн Ар гүнтийн даваанд хяналт, шалгалт, ариутгалын байр байгуулж, зорчих тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагуудын хяналтыг эхлүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн 3.61-ийн гарам, Чингэлтэй дүүргийн Ар гүнтийн даваанд байрлах хяналт шалгалтын постуудаар 2017 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 1104 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн 74 тээврийн хэрэгслийг шалган, гарал үүслийн бичиггүй түүхий эд тээвэрлэсэн 11 тээврийн хэрэгслийг буцааж, зөрчилгүй 1093 тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйтгэлийг хийж нэвтрүүлсэн байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандайн 1 дүгээр гудамжинд оршин суух иргэн Д-ын эзэмшлийн фермерийн аж ахуйд 3 тугал үхсэн, 1 тугал өвдсөн мэдээллийг 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр авч, мэдээллийн дагуу үхэр сүрэгт үзлэг хийхэд өвдсөн тугалны ануснаас цус гарсан байдалтай байсан ба тугалаас шинжилгээний дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн лабораторид хүргүүлсэн. Улсын мал эмнэлэг, Ариун цэврийн төв лабраторийн 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 18-62 дугаар шинжилгээний хариугаар Мал амьтны гоц халдварт Боом өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Дундговь аймагт мал амьтны гоц халдварт өвчний гоц халдварт шүлхий гарсантай холбогдуулан тус газрын дэд дарга, хурандаа А.Дашням Дундговь аймагт ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.