Токио хотноо болж байгаа мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгчөө давснаар ганцаараа башёг тэргүүлж эхэллээ. Тэрээр, эдгээр өдрүүдэд 50 хувийн амжилтаа биелүүлсэн ганц сумочоор тодорсон бөгөөд түүнтэй зэрэгцэж явсан Сэкивакэ Митакүэми өнөөдөр Ичиножёо А.Ичинноровт унаснаар нэг унаа долоон даваатай болов. Монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноровын хувьд долоо дахь өдөр Озэки Такаясүг давсан бол өнөөдөр башёг тэргүүлэгч Митакүэмиг унагаж даваагаа ахиулжээ. Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Котошёогикүг давлаа. Их аварга Хакүхо М.Даваажаргал, Кисэносато болон Озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хүчтэнүүд бэртлийн улмаас Хацү башёг дундаас нь орхисон юм.