Красноярск хотноо энэ сарын 26-28-нд болох Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн \”Алтан Гран при” тэмцээнд манай улсаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүчээ сорино. \”Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг \”Алтан Гран при” тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг, Н.Золбоо тэргүүтэй энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнуудаас бүрдсэн манай өргөн бүрэлдэхүүнтэй багийн түрүүч Красноярск хотод очоод байна. Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнслэн шүүхээр болжээ. Иван Ярыгиний \”Алтан Гран при\” тэмцээнээс Монголын бөхчүүд 11 алт, 18 мөнгө, 36 хүрэл, нийт 65 медаль хүртээд байгаа билээ.