Япон Монголын хамтарсан Токуда Монгол сангийн хөрөнгө оруулалтаар өнөөдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Түргэн тусламжийн автомашин гардуулан өгөх үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Токуда Монгол сангийн төлөөлөгч Р.Жигжид, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, засаг даргын орлогч Х.Анхбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ \”Токуда Монгол сангийн хөрөнгө оруулалтаар олон хүний амь насыг аварч, шаардлагатай эрүүл мэндийн эмчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулан өгч байгаад баяртай байна. Иргэд оршин суугчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмчилгээ оношилгоог цаг алдалгүй хүргэх, хүний амь насыг аврах зэрэг боломжийг нээж өгч байгаа Токуда Монгол сангийн тэргүүн Кёкүтэнхо Н.Цэвэгням болон танай хамт олонд талархал илэрхийлье. Цаашдаа Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байна” гээд түргэн тусламжийн автомашины түлхүүрийг ЭМТ-д гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.