Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 11 дэх өдөр буюу өнөөдөр энэ башёгийн гурав дахь өдрөөс өнжсөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдаандаа эргэн ирж барилдахаар болжээ. Тэрбээр өмнө нь чихрийн шижин өвчний улмаас башёг өнжсөн бөгөөд зиндаа буурахгүйн тулд дахин барилдахаар шийдсэн байна. Тэрүнофүжи одоогоор Маэгаширагийн 10-т эрэмбэтэй байгаа бөгөөд гурван унаатай, долоон барилдаан өнжөөд байсан юм. Тэр өнөөдөр Ишиүратай барилдана. Хацү башёг 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд 10 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол Точиношин есөн даваа, нэг унаатай Их аваргыг нэхэж байна.