АТГ-аас нялх нойтон хүүхэдтэй, түрээсийн орон сууцанд орсон хүмүүсийг гэрээс нь нэг нэгээр нь авч яваад байцааж байна хэмээн нэгэн бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байв. Тэрээр \”Түрээсийн орон сууцанд орсон хүмүүс нэг бүрчлэн байцаагдах нь дээ хөөрхий. Хот хөдөөгийн 1500-аад айл өрхийг шалгаж юу яриулах гээд байгаа юм бол. Хөхөө өвлийн хүйтэнд ядарсан айл өрхүүдээр оролдох шаардлага, ашиг сонирхол хэнд байна вэ. Ядарсан хүмүүс болоод л түрээсийн орон сууцанд азаа үзэж, хонон өнжин оочерлож байж сугалаагаар орсон байх. Задарсан хүмүүсээ хазаарлаж чадахгүй дампуу газар одоо айлын хаалга тогшиж, аав ээжийг нь айлгаж, ичээж авч явж байна…\” хэмээн бичсэн байв.
Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад \”УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон \”Бэрэн\” группын захирал Б.Мөнхтөр нарын хүмүүст холбогдох хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүдээс тайлбар авсан. Тодруулбал З.Баянсэлэнгэ болон \”Бэрэн\” группын захиралтай хамаарал бүхий дүү болон хамаатан садангаас нь байцаалт авсан. Түүнээс биш түрээсийн орон сууцанд орсон айл бүрээс байцаалт аваагүй\” гэв.
З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЯМАР ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙГАА ВЭ?
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг чухам ямар хэргээр шалгаж байгааг албаны хүнээс тодруулахад З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр засгийн газарт санал оруулсныг Засгийн газраас дэмжиж, хэрэгжүүлэх тогтоол гаргасан байдаг. Үүний дагуу Засгийн газар дээр Барилга хот байгуулалтын яамнаас баримталж буй бодлогын дагуу төрийн өмчийн хөрөнгөөр орон нутаг болон нийслэлд баригдсан ТОСК-ийн харьяаны барилгууддаа Түрээсийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн.
Харин түүнийг энэхүү төслийг хэрэгжүүлэх явцдаа ямар нэг ашиг сонирхлын үүднээс ашиглалтад ороогүй, \”Бэрэн\” группийн барьсан орон сууцны барилгаас худалдан авч, улсын төсөвт 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгасан. Улмаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 263.2-т заасан \”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан\” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн\” гэдэг мэдээлэл өгч байна.