Манай улс жил бүр 50 гаруй сая долларын шил шилэн бүтээгдэхүүн импортлодог. Мөн тээвэрлэлтийн болон ачилт буулгалтын үед шилэн бүтээгдэхүүн маш их хэмжээгээр хагардагаас болж бүтээгдэхүүний өртөгийг ихээр нэмэгдүүлдэг байна. Үүнийг шийдвэрлэх цорын ганц арга зам бол дотооддоо шилний үйлдвэр байгуулах явдал юм.
Саяхан Монгол улсын \”Эрдэсплазм” ХХК болон БНХАУ-ын CNBM (China National Building Material Co.,Ltd) группын харьяа CTIEC компаниуд хамтран хавтгай шил болон савалгааны лонх үйлдвэрлэх шугам бүхий үйлдвэрийг Монгол Улсад хамтран барихаар тохиролцсон тухай Хятадын шилний комиссын албан ёсны сайт болох www.glass.com.cn -д мэдээлжээ. Монгол Улсын төр засгийн түвшинд шилний үйлдвэрийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд уг үйлдвэр байгуулагдан шилэн бүтээгдэхүүн гаргасан үеэс импортын шилэн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлэх боломжийг Улсын их хурлын түвшинд шийдэх ажээ. Мөн Засгийн газар 2018 оны үндсэн чиглэлдээ шилний үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Монгол Улс нь шилний үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц арвин нөөц баялагтай бөгөөд судалгааны явцад төсөл хэрэгжүүлэгчид дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан өндөр чанарын шилэн бүтээгдэхүүн лабораторын нөхцөлд гарган авчээ.
БНХАУ-ын CTIEC компани нь гадаад болон дотооддоо шилний үйлдвэр, цементний үйлдвэрлэл зэрэг томоохон хэмжээний 2000 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн ба 2003 оноос хойш жил бүр дараалан хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, зураг төсөл, олон улсад төсөл хэрэгжүүлсэн зэрэг амжилтаараа Хятадын топ 50 аж ахуйн нэгжийн жагсаалтанд орж, мөн дэлхийн дээд түвшний инженерийн зураг төсөл хэрэгжүүлэгч ТОР 200 компанийн нэгээр шалгарсан шидэг компани юм байна.
Уг шилний үйлдвэр нь 2020 оны II дугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол Улсын гадагшаа урсах валютын хэмжээ буурч, ажлын байр шинээр бий болох, барилгын шилэн материалын үнэ буурах зэрэг олон сайн талууд үүсэх ажээ.