Ойрын
өдрүүдэд хүйтний эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч
байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага,
хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин
ажиллаж байгаа билээ.Өнөөдрийн байдлаар Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 336-333 км-ийн
хооронд цасаар шуурч, зорчих хэсэг нарийссан тул \”Хархорин-АЗЗА”-аас ухмалуудын
шуурсан хэсгүүдийг цасыг шууж цэвэрлэж, зорчих хэсгийг чөлөөлж байгаа мэдээлэл
ирэв.
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замын
320-365 км-т зорчих хэсэг болон хөвөө цасаар бүрхэгдсэн, Эрдэнэт-Булган
чиглэлийн хатуу хучилттай авто замын 12 км-т Зоон давааны зорчих хэсэг мөстсөн,
Булган-Мөрөн чиглэлийн замын 27 км-т зорчих хэсэг нарийссан тул зорчигч,
тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Мөн Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто замын
112-113 км-ын хооронд зорчих хэсэг мөстөж, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн
хатуу хучилттай авто замын 79-89км, 34-37км-үүдэд зорчих хэсэг, хөвөө цастай,
Улаанбаатар-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын 50-53км-т Хоолтын
хөндлөнгийн давааны зорчих хэсэгт цас хунгарласан байсныг АЗЗА-аас хусалт хийж
цэвэрлэжээ.Одоогоор зам, даваа хаагдаагүй, тээвэрлэлт хэвийн үргэлжилж
байгаа хэдий ч дээрх чиглэлүүдэд цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа
гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн
хэрэгсэлээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж
байна.