УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн \”Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү \”Энэ газрыг хэдэн жилээр ашиглах вэ. Газар бол үнэтэй зүйл. Тэгэхээр уг ажлыг долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. Хэдэн жилээр ашиглах вэ гэсэн тодорхой асуулт асууж байхад хариулж чадахгүй. Барилгын сайд нь асуудлаа судалж орж ирдэггүй. Юу ч мэддэггүй байхаа больцгоо\” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан \”Бид олон улсын харилцааны асуудлаар улс төр хийж болохгүй. Хууль, журмынхаа дагуу консулын газрыг тусгай хэрэгцээнд авдаг. Түүнээс биш манай улсын газрыг хятадууд авах гээд байгаа зүйлгүй. Тэгэхээр бидний улс төржилт хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болно.\” гэв.
БНХАУ-ын талаас консулын газар байгуулах 3-4 га газаролгох хүсэлт тавьсны дагуу Дорноговь аймгийн холбогдох албаныхан судалж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2 га газар олгох боломжтой гэж үзжээ. Тиймээс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд БНХАУ-ын консулын газар барихад зориулж 2 га газар ашиглуулах асуудлыг ийнхүү өнөөдөр хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүллээ.