Бээжин
хотын эрх баригчид 40 м.кв талбайтай хууль бус байгууламжуудыг нурааж, бага
цалинтай олон мянган цагаач ажилчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Хотын
дарга цаашид энэ төрлийн зөвшөөрөлгүй барилгуудыг нэмэгдүүлэхгүйн тулд ийнхүү
арга хэмжээ авах шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.
2017 оны
11 дүгээр сард Бээжин эрүүл ахуй, аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн
барилгуудыг буулгаж, олон арван мянган ажилчдыг нь хүчээр нүүлгэсэн юм. Харин
энэ удаад хэчнээн тооны ажилчдыг буцааж байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Нийслэл
хотын дарга Чен Жининий гаргасан тайланд дурдсанаар тус хот цаашид хэрмэн
хананд хууль бусаар нээсэн жижиг дэлгүүрүүдийг үргэлжлүүлэн хаахаар төлөвлөжээ.
Албаны хүмүүс уг үйлдэл нь уламжлалт барилгад хууль бусаар өөрчлөлт хийж явдал
хэмээн үзэж байгаа юм.
Энэ бүх
кампанит ажил нь хотыг хөгжүүлэх зорилготой хэдий ч эмзэг бүлгийнхэнд чиглэж
байна хэмээн шүүмжлэгчид буруушаажээ. Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө тосгодоос
олон сая цагаач ажилчид томоохон хотуудад ирж ажил хийх нь ихсээд байгаа юм. 2030
он гэхэд Хятад иргэдийн 70 хувь нь хотод амьдардаг болно хэмээн Дэлхийн
банкнаас таамаг дэвшүүлжээ. Гэсэн хэдий ч Бээжин хот дэд бүтцийнхээ ачааллыг
бууруулахын тулд хүн амынхаа тоог 15 хувиар бууруулахыг зорьж байгаа юм.
Орчуулсан Б.Болормаа