БЗД-ийн удирдлагууд том, бага гэлтгүй ард иргэдтэйгээ эв зүйгээ олоход багагүй хугацаа хэрэгтэй бололтой. Ямартай ч эзэнгүй хаягдсан тус дүүрэгт түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа. Учир нь өмнөх засаг ноён Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгчид зөвлөхөөр одсон. Түүнээс хойш удаан хугацаанд хөл толгой нь олдохгүй олон юм болж байж одоо л нэг төлөвшиж байгаа дүүрэг.
Тэгвэл дүүргийн удирдлагуудын дор ажиллах хорооны удирдлагууд бас л чихнээс хонх уясан хэвээр. Тодруулбал, тус дүүргийн 24 дүгээр хорооныхон БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу тус хорооны Иргэд Нийтийн Хурлын даргадаа шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад ИНХ-ын дарга Д.Одонтуяа нь өнгөрсөн таван жилийн хугацаанд ард иргэдтэйгээ уулзаагүй, энэ хугацаанд огт тайлан тавиагүй, намын ялгаварлал гаргадаг зэргийг дурдсан байна.