Монголд болох ОУТ-ий салхийг хагалж ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд Монголын Жюү жицүгийн холбоо Арабан нэгдсэн Эмират улстай хамтран анхдугаар \”Ази тивийн нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулна. \”Asia continental pro” буюу \”Ази тивийн нээлттэй тэмцээн”-д бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Өнөөдрийн байдлаар тэмцээнд 13 орны 550 орчим тамирчид бүртгүүлээд байна. Тэмцээн өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад насны ангилалд бүс болон жингийн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болно. Уг барилдаанд хөх бүснээс дээш бүх бүс, жингийн аваргууд оролцох боломжтой.
Арабын нэгдсэн Эмират улсын Жюү жицүгийн холбоо нь тус спортыг хөгжүүлэх үйлст Азидаа том байр суурьтай ажиллаж байна. Тухайлбал, Азийн жюү жицүгийн холбоотой хамтран Дэлхийн олон улсын холбооны таван Гранд слам тэмцээнийг зохион байгуулна. Токио, Абу Даби, Рио, Лос-Анжелес, Лондонгийн Гранд сламыг тус тус зохион явуулна. Мөн энэ оноос эхлэн тивүүдийн нээлттэй тэмцээнийг зохиож байгаа аж.