УИХ-ын чуулганы хуралдаан 35 хувийн ирцтэйгээр 10:20 цагт эхэллээ. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Ажлын хэсэг хариулах дэгээр үргэлжилж байсан юм. Харин УИХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт \”төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгээр тав хоногийн завсарлага авна\” гэдэг санал гаргалаа.
УИХ-ын дарга З.Энхболд: Таван хоногийн завсарлага авна гэхээр Төсвийн тухай хуулийг зөрчих гээд байна.
Р.Гончигдорж: Үг хэлүүлэхгүй байна гээд хууль зөрчөөд байгаа юм биш. Цөөнх боллоо гээд үг хэлдэг юм байхгүй. Төсөв хэлэлцэж байхад завсарлага авна гэж байхгүй, тийм боломжгүй.
УИХ-ын дарга З.Энхболд: Төсвөө арваннэгдүгээр сарын 15-нд багтааж батлах ёстой. Гэтэл МАН завсарлага авчихвал төсвийн тухай хуулийг зөрчинө. Тиймээс МАН-ын бүлэгт завсарлага өгөх үү үгүй юу гэдэг дээр санал хураах горимын санал гаргаж байна.
Гэтэл санал хураах явцад гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас санал авах боломжгүй болж МАН-д нэг цагийн л завсарлага өглөө. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагаас үргэлжилнэ.