У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оныг татварын нэмэгдэлтэйгээр угтсан билээ. Нийгмийг нэлээд бухимдуулсан хэд хэдэн шийдвэр гаргаад байсныг эргүүлэн байранд нь аваачсан тухай өнөөдөр Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр мэдэгдлээ.
ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирээд дөрөв дэх өдрөө ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тухайлбал, олон нийтийн дунд бухимдал үүсгэж байсан Хүн амын орлогын албан татварыг ярилцаад, хуучин хэлбэрт нь оруулжээ. Өөрөөр хэлбэл, татварын нэмэгдлийг болиулсан байна. Татварын шатлалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд цалингаа бууруулж, цалингийн бус орлогыг нэмэгдүүлэх асуудал гаргаж эхэлсэн учраас хуучнаар нь үлдээхээр ОУВС-тай тохиролцжээ. Мөн тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлэх байсныг 3 сар болгосон аж. Гэхдээ хүсвэл хуучнаараа буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч болох сонголтыг ч мөн үлдээжээ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болох юм.
Түүнчлэн А80, АИ92 шатахууны ОАТ-ыг тэглэсэн бөгөөд ОУВС-тай энэ талаар ч ярилцсан байна. Ийнхүү татвар байрандаа, тэтгэвэр хэвэндээ орлоо.