Цагдаагийн
байгууллагаас өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн алба хаагчид хамтран энэ сарын
19-28-нд саун, массажны газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар саун, массаж
нэрийн дор бусдын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 34 газрыг
илрүүлсэн байна. Эдгээр газарт 127 охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байжээ.
Мөн тэдний дөрөв нь хүүхэд байсан аж. Түүнчлэн Сүхбаатар,
Баянгол, Чингэлтэй дүүрэгт бэлгийн мөлжлөг явуулах орчин бүрдүүлсэн таван
газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнчлэн биеэ үнэлсэн
эмэгтэйчүүдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахаар болжээ.
Түүнээс гадна цагдаагийн байгууллагаас энэ сарын 19-28-нд
явуулсан шалгалтаар автомат тоглоом нэрийн дор нийслэлд хууль бус үйл ажиллагаа
явуулж буй 14 газрыг илрүүлж, 117 тоглоомыг хураасан аж.Монгол Улсад мөрийтэй
тоглох, бооцоот, автомат тоглоом тоглох, ийм төрлийн үйл ажиллагаа явуулах
байраар хангах нь хуулиар хориотой. Түүнчлэн бооцоот тоглоомыг даган хууль бус
бусад хэргүүд гарч байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Дээрх
газраар үйлчлүүлж байгаа иргэд хууль, эрхзүйн мэдлэг дутмагаас мөн мөнгө хожих
шуналаас болж өөрийн мөнгө, бие махбодоороо хохирдог гэдгийг ч хэлж байсан юм.