Сорхагтани Бэхи нөхөр Тулуйн хамт. Рашид Ад Диний\”Дэлхийн түүх\” судрын зураг. 14-р зууны эх.
Тулуй үхэхийн өмнө Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, ирэг хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун! гэж хэлсэн байна.\”
Тулуйн хатан Сорхагтани Бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин байсан бөгөөд Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн дөрвөн хүүг төрүүлж өгчээ. Чингисийн хөвгүүдийн дундаас Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Мөнх хаан Их Монгол улсын дөрөв дахь хаан байсан бол Хубилай бүх Хятадыг байлдан дагуулж Юань гүрнийг байгуулжээ. Хүлэгү нь баруун өмнөд азид байлдан дагуулалт хийж Ил Ханы улсыг байгуулсан байна. Тулуйн удмын хаадууд олон зууны турш Монгол улсыг захирч явжээ.
13-р зууны эхэн үед Тулуйг бусад хаан хөвүүдээсээ онцгойлон \”Их ноён” хэмээн хүндэлж жинхэнэ уугуул Монгол улсыг \”Голын улс” хэмээн нэрлэх болсон юм. Тулуйн өмч нь зуун мянган мэргэн өрхтэй байжээ. Энэ нутаг бол хамаг Монгол улсын өлгий нутаг Бурхан халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуулаасай хэмээн дархалсан нутаг болжээ. Чухам энэ нутаг бол Тулуй хааны эзэмшил байсан юм.