МАН-ын байрны
гадаа өчигдөр Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын
холбооны эмэгтэйчүүд болон ээжүүд хагас нүцгэн жагсаал хийсэн бол өнөөдөр тэд
хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэд уг хурлаар эмэгтэйчүүдийн баярын өдөр
зохион байгуулах цуглааны талаар мэдээлэл хийсэн юм. Тэдний зүгээс \”Бид долоон
шаардлагынхаа хариуг авч чадахгүй байна. Нэг ч хүн бидэнд хариу өгөхгүй байна.
Тиймээс бид хариугаа төрийн гурван өндөрлөгөөс бичгээр авч чадахгүй бол биеэр
буюу амаар авна. Цаашид тэмцлийн хурц хэлбэрт ч шилжин орно. 2018 оны гуравдугаар
сарын 8-нд \”Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулахаар
болсон. Бидний ард АН-ын ямар ч захиалга байхгүй. Ямар ч захиалга
байхгүй гэдгийг дахин дахин хэлье. Яагаад МАН-ын гадаа жагссан бэ гэвэл МАН 65
суудал эзэлж байгаа болохоор тэнд жагссан юм. Биднийг захиалж байгаа хүмүүс бол
нийгэм, ядуучууд.
Өчигдөр МАН-ын
ЕНБД Д.Амарбаясгалан уулзсан. Тэрээр маргааш биднийг авч уулзъя гэсэн. Хэрэв
биднийг маргааш 15 цагаас өмнө хүлээн авч уулзахгүй бол 10 эмэгтэй дахиад жагсах болно. Хүн үхэхдээ, төрөхдөө нүцгэн төрдөг. Тиймээс бид нүцгэлэхээсээ
санаа зовохгүй байна. Харин төрийн өндөрлөгүүд монголынхоо ээж нарыг нүцгэн зогсоож
байгаадаа ичих хэрэгтэй. \” гэж байлаа. Тэдний өгсөн шаардлагыг бид өчигдөр бүрэн
эхээр нь хүргэсэн билээ.