АНУ-ын Нью-Йорк хотын шоронд хоригдож байгаа Оросын алдартай дээрэмчдийн нэг өөрийн эх орондоо буцаж очих хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ талаар өнөөдөр Daily Mail сонинд мэдээлсэн байна. Америк дах Оросын алдартай дээрэмчдийн нэг Борис Найфелд нь өдгөө 70 настай бөгөөд тэрээр АНУ-д олон жилийн турш гэмт хэрэг үйлдэж, Оросын мафийн загалмайлсан эцгүүдийн нэг хэмээн зүй ёсоор тооцогдож ирсэн ажээ. Тэрээр Ассошейтед Пресс агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа үхэхээсээ өмнө эх орондоо очих хүсэлтэй байна гээд тэгснээрээ илүү их сайн сайхан зүйлийг хийж чадна хэмээн ярьжээ. Гэхдээ одоогоор түүний ялын хугацаа хараахан дуусаагүй байгаа бөгөөд ойрын хэдэн жилдээ тэрээр АНУ-ыг орхин явах боломжгүй байгаа юм байна.
Борис Найфелд цааш нь хэлэхдээ ”Би хайртай эхнэр, ажил, цаг хугацаа гээд бүх юмаа алдсан. Үүнээс өөр хатуу шийтгэл гэж байхгүй. Надад дахин шинээр хөл дээрээ босох боломж олгож өгөхийг хүсч байна” гэжээ. Тэрээр өнгөрсөн зууны 70-аад оны эхээр АНУ-д цагаачлан ирсэн ба тус улсад байхдаа хар тамхи худалдан борлуулах болон луйвар, хулгай зэрэг маш олон гэмт хэргүүдийг үйлдэж байсан ажээ. Өдгөө Борис Найфельд нь захилгат аллагын хэргээр ял эдэлж байгаа бөгөөд тэрээр өөрийн өнгөрсөн амьдралдаа огтхон ч харамсдаггүй хэмээн сурвалжлагч нарт ярьсан байна.
Борис Найфельд мөн АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампыг ихээхэн дэмждэг бөгөөд түүнийг өөртэйгөө харьцуулан ярих дуртай гэнэ. Тэрээр энэ талаар хэдэхдээ ”Трамп бол бизнесмэн хүн. Тэрээр өөрийн мөнгөөрөө олон том төслүүдийг эхлүүж байгаа, би ч бас түүнтэй адилхан” хэмээн хэлсэн байна.
Ж.Батдорж