Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2018 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 15-17 хэм хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 1-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1,2,3-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.