Монгол улсын хилээр их хэмжээний алт нуун аргах гэж байгаад баригдсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарчээ. Тодруулбал нэг гэр бүлийн хүмүүс болох Н, М нар нь тухайн өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явахдаа хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 5,286.4 грамм алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд үйлдэл дээрээ баригдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан \”Хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх\”-ийг хориглоно хэмээн заасан байдаг.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Н, М нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467,540,602 төгрөгийн үнэ бүхий 5 кг 286,40 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс ч мөн адил дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Харин шүүгдэгчид олон хүүхэдтэй учраас торгуулийн таван сая төгрөг бидэнд ахадсан мөнгө гэснээс гадна 5 кг 286,40 грамм алтыг улсын орлого болгох ёсгүй хэмээн үзэж Дээд шүүхэд хандан давж заалджээ. Гэвч Дээд шүүх тэдний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.