Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээнд 40 гаруй байгууллагын 500 гаруй тамирчин хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс Хууль сахиулах их сургууль /ХСИС/-ийн баг тамирчид \”Байлдааны самбо”-ын төрлөөс 2 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, цомын эзэд болов.
Тэмцээний 62 кг-ын жинд Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Сүхтулга, Ц.Төгсболд нар хүрэл медаль, 68 кг-ын жинд Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч Х.Батхүрээ алтан медаль, 74 кг-ын жинд Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Доржням алтан медаль, Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч А.Шинэбат мөнгөн медаль, сонсогч Б.Отгонбаяр хүрэл медаль, 90 кг-ын жинд Цагдаагийн сургуулийн 344 дүгээр дамжааны сонсогч Б.Лхагвадорж хүрэл медаль, ХСИС-ийн тамирчин Э.Даваажаргал мөнгөн медаль, +100 кг-ын жинд ёс журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Батдорж хүрэл медаль тус тус хүртлээ. Төрийн тусгай чиг үүрэг бүхий цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэдэг Их сургуулийн хувьд сонсогчдодоо албаны тусгай бэлтгэл, гардан тулаан, бие хамгаалах чиглэлийн хичээлүүдийг зааж сургадаг тус сургуулийн сонсогчид гардан тулаан, албаны тусгай бэлтгэлийг бусад тамирчдаас илүү эзэмшсэн гэдэг нь Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс харагдаж байлаа.