УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оноос эхлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон.
Иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулж, татварын бааз суурийг тэлэхэд дээрх хуулийн төслийн зорилго орших юм. Ингэхдээ алин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгох, энэ төрлийн орлогод үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг тодорхойлсон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Гишүүд уг хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар үг хэлж, асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын БСШУНББХ-нд шилжүүлэв.
Энэ үеэр Сүхбаатарын талбайд өрнөж байгаа жагсаалын талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү \”Ард түмэн ууртай, бухимдалтай, жагсах сонирхолтой байгаа нь үнэн. Гэхдээ АН-ынхныг дарга болгох гэж жагсаагүй\” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан \”Хоёр том намынхан нохой шиг хэрэлдээд байна. Та нар хэрэлдэх тусам хүмүүсийн сэтгэл зүрхнээс арчигдаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Ганцаараа иддэг гахай таргалахгүй гэж үг бий. Одоо олуулаа идье ээ, ард түмнээ бодъё\” гэв.
Мөн дараа нь Тэтгэвэр,
тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр чуулганы хуралдаан үргэлжиллээ. Гишүүд тус хуулийн төслийн
хүрээнд асуулт асууж хариулт авч дууссанаар үдээс өмнөх хуралдаан дөнгөж сая
завсарлалаа. Чуулган үдээс хойших хуралдаанаар уг хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд үг хэлж, дараа нь санал хураалтаар үргэлжилнэ.