Манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг байна. Үүний 87.7 хувийг айл гэр, аж ахуйн нэгжид халдсан хулгай эзэлдэг аж. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг. Үүнээс 90 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг байна. Эдгээр хулгайн гар утас барьцаалан зээлдэх төвд очдог нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Тиймээс өнгөрсөн сараас эхлэн барьцаалан зээлдэх төвийн журмыг шинэчилсэн байна. Түүнчлэн ажил эхлэх болон тарах үе мөн цайны цаг зэрэг хөл хөдөлгөөн ихэссэн үед цагдаагийн байгууллагын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энгийн хувцастайгаар ажилладаг ажээ. Хулгайд алдагдсан автомашины эд анги, гар утас зэрэг эд зүйлийг худалдаж авах хүн байхгүй бол хулгайн гэмт хэрэг буурах учиртай. Үүнийг хааж давхар тэмцэхгүй бол зөвхөн хулгайчтай тэмцээд үр дүн нь бага болж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.