Дээрмийн гэмт хэрэг үйлдэхийн тулд үгсэн хуйвалдаж, нарийн арга хэрэглэсэн тохиолдол сүүлийн үед олон гарч байна. Тодруулбал нэгдүгээр сарын 31 буюу өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд хоёр залуу мэссэжээр хоёр бүсгүйтэй танилцжээ. Улмаар уулзаж учирахаар тохиролцсон байна. Ингээд өнөөх хоёр залуу хоёр бүсгүйтэй ч уулзжээ. Тэднийг нэг газар уулзаад сууж байтал үл таних гурван залуу гэнэт орж ирэн зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтаар дээрх хоёр бүсгүй нь бие үнэлдэг эмэгтэйчүүд байж болзошгүй байгаа бөгөөд залуустай мессэжээр танилцаад, улмаар тэднийг үгсэж тохиролцсон залуусаараа дээрэмдүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм байна. Дээрх хэргийн хувьд дээрэм хийсэн гурван залуугийн хоёр нь зугтсан бөгөөд өдгөө эрэн сурвалжилж байгаа аж. Харин нэгийг нь хоёр бүсгүйн хамт баривчлаад шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Сар гаруйн өмнө мөн ийм төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж. Тодруулбал нэгэн охин өөрөөсөө ахмад хүнтэй мэссэжээр танилцаж уулзаж байх үед охины ах гэх залуу гарч ирсэн хэрэг гарчээ. Улмаар тухайн залууг насанд хүрээгүй дүүг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн мөнгө нэхсэн байдаг байна.