Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ хоёр улсын эдийн засгийг дэмжих хүрээнд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих, авто замыг шинэчлэх асуудалд Монгол улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. Тэрээр цаашид нүүрс тээвэрлэх авто замыг шинэчлэн сайжруулах, Гашуун сухайт-Ганцмод боомтоор хил нэвтрэхэд тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, учирч буй хүндрэлүүдийг арилгах талаар БНХАУ-ын Тээврийн яамны зүгээс анхаарал хандуулж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүслээ. Ли Сяопөн сайдын зүгээс асуудлыг судалж ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах зорилтын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, Монгол Хятадын хилийн төмөр замын Ханги-Мандал боомтыг нээх, холболтын цэгийг тохиролцох асуудлуудыг хөндөн тавилаа.
Хятадын талаас энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр талын холбогдох байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.