Монголын сагсан бөмбөгийн холбоо/MBA/-ны 19 дэх удаагийн Дээд лигийн тоглолтын нээлт өнөөдөр 18 цагаас Спортын төв ордонд болно. Энэ удаагийн Дээд лигийн тэмцээнд \”Танан гарьд”, \”АВТ Төв ургац”, \”Хан-Уул Хангарьд”, \”Хасын хүлэгүүд” болон \”Этүгэн ирвэсүүд” гэсэн таван баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Лигийн тоглолтууд даваа, лхагва, баасан гарагуудад 18 цагаас СТО-д болох юм. MBA Дээд лигийн тэмцээний нээлтийн тоглолт \’\’Танан гарьд\’\’, \’\’Хасын хүлэгүүд\’\’ багуудын тоглолтоор эхэлнэ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээний Зохион байгуулах комиссын дарга С.Бямбажав: \”Манай холбоо 1962 онд байгуулагдсан. Өнгөрсөн жил 55 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ жилийн Дээд лигт оролцох мэдүүлгээ өгсөн таван багаас гадна баг нэмэгдэх боломжтой. Лигийн тоглолтын журмаар багт гурван ленионер тоглогч байж болно. Талбай дээр хоёр легионер тоглогч гарч тоглоно гэж заасан байгаа. Бүх багийн лидер тоглогчид болон шигшээ багийн тамирчид бүгд багтсан. Зарим баг легионер тоглогчдоо авчирсан. \”Төв ургац” багийн легионер тоглогч нээлтийн тоглолтод оролцоход бэлэн гэсэн. Бусад багууд эхний тойрогтоо багтаад легионер тамирчдаа авчрах байх. Өнгөрсөн жил орон нутгийн багууд оролцож байсантай холбогдуулан аймагт очиж тоглосон. Энэ жил Спортын төв ордонд тэмцээнүүд үргэлжлэн явагдана” гэлээ.