Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, хатагтай Аун Сан Су Чигийн тэргүүлдэг \”Ардчиллын төлөөх үндэсний холбоо” нам сонгуулийн урьдчилсан дүнгээр бараг 90 хувийн ялалт байгуулжээ.
Сонгуулийн хорооны мэдээлснээр парламентын 182 суудлын 163 нь ардчилагчдынх болсон байна. Харин одоогийн эрх баригчид ердөө 10 орчим суудлыг эзэлсэн нь \”авснаасаа алдсан нь их бололтой” хэмээн намынх нь даргын урьдчилан мэдэгдэж байсныг баталлаа.
Ийнхүү Мьянмарт болсон анхны чөлөөт сонгуулиар ардчиллын төлөөх улс төрийн хүчин түүхэн ялалт байгуулснаар одоо улс оронд нь шинэ эрин үе эхэлнэ хэмээн сонгогчид итгэл найдвар тавин, баярлаж байна. Сүүлийн хэдэн арван жилийг цэргийн хатуу дэглэмд өнгөрүүлсэн мьянмарчууд одоо чөлөөт нийгмийг хүсэмжилж, Аун Сан Су Чигийн нам тэрхүү хүслийг нь биелүүлж чадна хэмээн итгэсэндээ \”Ардчиллын төлөөх үндэсний холбоо” намыг сонгожээ.
Одоо гагцхүү үнэмлэхүй ялалт байгуулсан тус намд цэргийн эрх мэдэлтнүүд саад тотгоргүй эрхээ шилжүүлэх эсэхийг харах үлдлээ. Ямартай ч, Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн сонгуулийг үр дүнг хүндэтгэн үзнэ гэж амласан.
Гэхдээ парламентын хоёр танхимдаа армийн нөлөө ихтэй учраас эрх мэдлээ хэрхэн шилжүүлэхийг олон улс анхааралтай ажиглаж байна. Тус улсын хуулиар парламентын хоёр танхимын дөрөвний нэг хувийг армийнхан бүрдүүлэх ёстой аж. Дээд танхим гэхэд 224 гишүүний суудалтайгаас 168-ыг нь ард иргэд сонгоод, үлдсэнийг нь армийнхан дангаараа бүрдүүлдэг бол доод танхимын 440 суудлын 110 нь цэргийнхэнд зориулагджээ.