Дуучин Нара буюу М.Нарантуяа бизнесийн салбарт хөл тавиад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ салбартаа ч амжилттай яваа бололтой. Тэрээр зөгийн бал, бурам, агаар шүүгч зэргийг лайв хийн сурталчлан борлуулах болсныг мэдэх биз ээ. Мөн өөрийн гэсэн брэнд дэлгүүртэй болсон гэж байгаа. Ийнхүү бизнесээ хөгжүүлэхийн зэрэгцээ өрөөл бусдад үнэтэй зөвлөгөө, өглөг буянаа харамгүй өгч яваа Нара энэ удаагийн шууд бичлэгээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дамжууллаа.
Түүний \”Бэхи\” ТББ 100 өрөөг 100 агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр тоноглох \”Бяцхан Уушиг\” аяныг эхлүүлсэн юм байна. Ингээд бүтэн жил зүтгэж, олон нийтийг уриалж, жижиг сажиг юм хүртэл зарж борлуулж байж, мөн олны хүч дэмээр өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн:
1. Төрөх тасаг
2. Нярайн тасаг
3. Дутуу нярайн тасаг
4. Нярайн эмгэг судлалын тасаг
5. Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн нийт 50 өрөөнд 50 ширхэг \”Mi” брэндийн агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэн өглөө. Энэ үеэр дуучин бүсгүй хандив өргөсөн гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст талархалаа илэрхийлснийг энд мөн дуулгах хэрэгтэй байх. Тэрээр \”100 ширхэгт хүрч чадаагүй. Учир нь нийгмийн сайн үйлсийн хандивын аяныг дэмжих хүмүүсийн сэтгэлд сэв суулгах нэлээд хэдэн үйл ажиллагаа, асуудлууд өнгөрсөн жил болсон. Үүний улмаас олон нийтийн сайн үйлсийн аяны идэвх маш их буурсан. Гэсэн ч бид 50 ширхэг агаар шүүгчийг ЭХЭМҮТ-ийн эмч, ажилчдад хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.\” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нара 25-р суваг телевизээс зохион байгуулдаг \”21000\” реалити шоунд оролцож олсон 2,7 сая төгрөгөө, мөн түүний сурталчилдаг зөгийн балны \”Охь бал бурам\” пэйжийн хамт олны зүгээс 5 сая төгрөгийг энэхүү аянд хандивлажээ.
Дашрамд сонирхуулахад, дуучин Нараг чөлөөтэй, өөрийнхөөрөө, шударга гэдгээр нь үнэлэх хүн олон. Тиймдээ ч өөртөө итгэлтэй бүсгүй зарим хэсэг бүлэг хүмүүст цахим хуудсаараа хандаж \”Би ер нь бол ингэж боддог юм шдээ, хүнд сайхан үг хэлчих чадалгүй, сайн үйл хийчих сэтгэлгүй бол амаа хамхиад буруу хараад явж байх нь дээр гэж\” хэмээн хатуухан хэлсэн байдаг шүү.
Я.Хулан