Өвс муу ургасан, цас их орсоноос шалтгаалж зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь орон нутгийн хамгаалалттай Сайр ууланд нутгийн иргэдтэй хамтран янгир ямаанд зориулан 10 хоног бүрт 50 боодол өвс тавьж эхэлсэн юм. Энэ хугацаанд малаа тус ууланд бэлчээхгүй байхаар нөхөрлөлийн гишүүдтэй тохиролцсон билээ. Тэгвэл энэ ажлын үр дүн гарч эхэллээ.
Биотехникийн арга хэмжээ үр дүнд хүрч байгаа эсэхийг баталгаажуулахаар тавьсан автомат камерыг тус байгууллагын мэргэжилтнүүнд саяхан шалгаж үзэхэд тавьсан өвсийг янгир ямаа идэж байгаа нь тодорхой болжээ. Хүйтэрч зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа энэ үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон цаг үеэ мэдэрсэн, үр дүнтэй сайхан ажил хийлээ хэмээн нутгийн иргэд бахдан ярьж байна.