Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа хэдий ч манай улс Африкийн олон мянган цагаачийг албадан гаргах ажиллагааг эхлүүллээ гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ. Судан болон Эритрей улсаас ирсэн цагаачдыг эх орон руу нь буцаах боломжгүй байгаа тул хоёр сарын дотор Израилиас сайн дураараа явж, өөрсдийг нь хүлээн авахыг зөвшөөрсөн гуравдагч улс болох Руанда улсад очихыг санал болгосон захидлыг тус улсын ДХЯ-ны төлөөлөгчид ням гарагаас африкийн цагаачдад гардуулж эхэлсэн байна. Татгалзсан тохиолдолд цагаачдыг хорионд оруулж, хожим нь албадан гаргах юм байна. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, одоогоор захидлыг зөвхөн хүүхэдгүй эрчүүд хүлээн авч байгаа бөгөөд Израилиас сайн дураараа гарч байгаа хүмүүст 3,5 мянган ам.доллар олгох юм байна. Гэхдээ албадан гаргах ажиллагааг Израильд хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа бөгөөд Африкчуудаас гадна тус улсын эрдэмтдийн нийгэмлэгийн хэдэн зуун төлөөлөгч, нацист Германы бөөнөөр хорих Холокост лагерьт тарчилж явсан хэдэн арван израиль хүн энэ ажиллагааг эсэргүүцэж байгаа ажээ.
Ж.Бат