Олон нийтийн сүлжээнд зургийг нь байршуулж хүний, тэр тусмаа хүүхдийн эрхэнд халдлаа гэсэн сэдвийн эзэн бол н.Нарангэрэлийн гэр бүл. Түүний ар гэрийнхэн болон түүний хүүхдүүдийн сургуулийн Нийгмийн ажилтан ийм асуудлыг гаргаж тавьсан байдаг.
Анх БЗД-ийн иргэн н.Нарангэрэлийн тухай \”Гэрт нь очиход орондоо чичирч хэвтэх 3-хан настай хүү, 1 ангийн охин, 5-р ангийн охин угтав. Ээжийг нь Нарангэрэл гэдэг. Өрх толгойлсон эмэгтэй… Цонх нь гялгар ууттай шал нь цементээрээ…\” гэсэн мэдээлэл цацагдаж байсныг санаж байгаа биз ээ. Харин түүнд туслахаар \”Танилцаад нөхөрлөе /35 дээш насныхан/\” цахим группийн залуус хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн байдаг юм. Тэд эхний ээлжинд хүнсний зүйлс болон түлээ түлшээр тусалсан бол энэ удаад аяныхаа хүрээнд байшинг нь шинэчлэн засварлаж өгөхөөр шийджээ. Тэдэнтэй мөн \”Утааны эсрэг ээж аавууд\” группийн залуус ч нэгдсэн байна.
Сайн үйлст залуусын засварын ажил ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд маргааш н.Нарангэрэлд халуун дулаан сууц хүлээлгэж өгөхөөр болжээ.
Бид өмнө нь н.Нарангэрэлийн талаар холбогдох төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. \”Энэ эмэгтэйн талаар бид мэдээлэл өгч болохгүй. Нэрийг нь ч хэлж өгч болохгүй гэсэн. Учир нь ар гэрийнхнээс нь гомдол ирээд байгаа. Мөн хүүхдүүдийнх нь сурдаг сургуулийнх нь Нийгмийн ажилтан ирээд, олон нийтийн сүлжээнд тэдний зургийг байршуулсан нь хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэн хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн.\” хэмээн ярьж байсныг бид өмнө нь хүргэсэн билээ.
Тэгвэл ийнхүү н.Нарангэрэл халуу дүүгсэн байшинтай болохын зэрэгцээ өөрөө цаашид тогтсон ажил хөдөлмөр эрхэлж, энэ хүмүүсийн итгэлийг даан, орон гэртээ тохь тухтай амьдралыг үргэлжлүүлэх үүрэгтэй үлдэж байна.
Я.Хулан