Саун массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны нэгдүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулжээ. Шалгалтын үеэр нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун, массажийн 39 газрыг илрүүлж, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалж байсныг илрүүлсэн байна. Хууль бус энэ үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм байна. Мөн 4 үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч, 4 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байгаа аж.