ОХУ Курилын арлууд дээр терроризмын эсрэг цэргийн сургуулилт хийж эхэлсэн явдалд Японы улс эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ талаар өнөөдөр Японы Гадаад хэргийн сайд Таро Коно парламентын доод танхимын төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгджээ. Тэрээр \”Энэ нь хойд нутгийн дөрвөн арлын талаарх манай улсын байр суурьтай харшилж байна. Үүнтэй холбогдуулан бид эсэргүүцэл илэрхийлсэн” гэж хэлснийг Киодо агентлаг уламжиллаа. Оросын Батлан хамгаалах яамны Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааны тактикийг боловсруулах зорилго бүхий цэргийн сургуулилтад 2000 гаруй цэргийн албан хаагч оролцож байгаа бөгөөд мөн 500 орчим нэгж техник ашиглаж байгаагийн дотор Ми-8АМТШ загварын нисдэг тэргүүд байгаа юм байна. Хээрийн сургуулилт энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх ажээ. Япон улс Курилын арлуудыг ЗХУ дэлхийн хоёрдугаар дайны үед булаан авсан хэмээн үздэг бөгөөд тэдгээр арлуудыг буцаан авахыг эрмэлздэг юм.
Ж.Батдорж