Англи Улс 70,000 ам доллараас өндөр үнэ бүхий хөрөнгө эзэмшдэг бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой байж болохуйц эсвэл авлига авах магадлалтай албан тушаалтныг хөрөнгийнхөө эх сурвалжийг тайлбарладаг байх хуулийн шинэ зохицуулалттай болж байна.
Энэхүү шинэ шаардлага нь иргэд гэмт хэргийн мөнгөө тус улсад хууль бусаар угаахаас сэргийлэх зорилготой бөгөөд энэ долоо хоногоос хэрэгжиж эхлэх юм.
Одоогоор тус улсын Үндэсний гэмт хэргийн агентлаг улс төрийн өндөр албан тушаалтай хоёр иргэнийг дээрх шинэ шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд олон арван иргэдийг мөн тогтоож, хөрөнгийн эх үүсвэрийг нь тайлбарлуулах ажил үргэлжилж байна.
Хэрэв иргэд хөрөнгө худалдан авсан мөнгөнийхөө хууль ёсны эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй бол Английн хууль сахиулах байгууллагууд шууд хураан авах эрхтэй аж. Хурааж авсан хөрөнгийг зарж борлуулсан орлогыг хууль сахиулах байгууллагуудын төсөвт оруулна хэмээн Аюулгүй байдлын сайд Вэн Валлас мэдэгджээ.
Дээрх зохицуулалтаас өмнө гадаадын иргэн тус улсад сэжиг бүхий хөрөнгө эзэмшиж буй асуудлыг шалгахад тус иргэн өөрийн улсдаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй л бол боломжгүй байсан бөгөөд зөвхөн улс төрийн өндөр албан тушаалтай, олны танил хүмүүс л боломжтой байжээ. Харин энэхүү шинэ зохицуулалт нь бүх үндэстний хүмүүст үйлчлэх бөгөөд гол бай нь ОХУ-ын иргэд байна гэж ажиглагчид үзэж байна.