Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 19:00 цагт Пёнчаны өвлийн
олимпийн нээлтийн ажиллагаа БНСУ-д эхлэнэ. Нээлтийн үеэр дэлхийн улс
орнуудын баг тамирчид жагсаж, стадионд
тугаа мандуулан жагсан орж
ирдэг уламжлалтай. Олимпийн наадмын
ууган эх орон Грек улсын тамирчид жагсаалын хамгийн эхэнд гарч,
араас нь цагаан толгойн үсгийн дарааллаар бусад улс орнуудын тамирчид жагсдаг бөгөөд хамгийн сүүлд зохион байгуулагч орны
тамирчид гарч ирдэг.
Харин энэ удаа жагсаалын дараалал нь Солонгос хэлний цагаан
толгойн үсгийн дагуу байхаар төлөвлөгдсөн юм байна. Энэ дагуу Монгол улсын баг тамирчид 91 улсаас 25 дугаарт
гарахаар болсон байна. Манай тамирчдын өмнө Газар дундын тэнгисийн Мальта улсын
тамирчид жагсах бол ард нь АНУ-ын баг жагсахаар болжээ. Монгол улсаас энэ удаагийн олимпийн наадамд гурван тамирчин оролцож
байгаа юм. Ёслолын арга хэмжээ хоёр цаг үргэлжилнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн энэ өдөр Цельсийн -10 хэмийн хүйтэн байх тул үзэгчдийг дааруулахгүйн тулд зохион байгуулах хороо бүхий л үзэгчдэд дулаан бүтээлэг, гар дулаацуулах жижиг халаагуур, салхинаас хамгаалах халхавч тараахаар болжээ.
Ж.Батдорж