Автотээврийн Үндэсний төвөөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өмнөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, орон даяар энэхүү ажлыг эхлүүлээд байна. Зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500000 гаруй тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа бий.
Шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй бөгөөд 18:00-00:00 цагуудад гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт байдаг аж. Иймээс энэ жил Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм.
Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж. Жолооч нар автомашины их гэрлийн тохиргоогоо хийлгэхдээ өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хандаж хийлгэх боломжтой юм байна.