УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Түүний үс, цуснаас дээж авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх мөн гэдэг нь батлагдсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа бөгөөд түүнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн үед Д.Гантулга цагдаад байцаагдахдаа \”Бид тохиролцоонд унтсан” гэж мэдүүлсэн байдаг аж. Тус хэлтсийн мөрдөн байцаагчид тухайн үед хэргийн нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар уг хэргийг хаасан ч Н-гийн эгч Ч.Саранзаяа \”УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, ШШҮХ-гийнхэнд нөлөөлсөн” хэмээн УЕПГ-т гомдол гаргаснаар АТГ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байсан шинжээч эмч нарын хамт хэргийг нь нэгтгэн мөрдөж байгаа билээ. Тэгвэл АТГ-ынхан саяхан УИХ-ын гишүүн, олон нийтийн дунд \”бандааш” гэх хочтой болоод буй Д.Гантулгаас шинэчилсэн тайлбар авсан бөгөөд энэ үеэр тэрээр \”Хохирогч гэх Н-тай тохиролцсон” гэсэн мэдүүлгээ дахин өгсөн гэнэ.
Ж.Бат