\”Пёнчан 2018” наадамд оролцож буй Монголын шигшээ багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар Японы Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийлээ.Японы Олимпийн Хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ц.Такеда болон Японы Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн К.Мурацу нар манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ энэ үеэр Японы талтай урт хугацааны турш найрсаг харилцаатай байж, зөвхөн спорт гэлтгүй нийгмийн олон талт асуудлаар хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр өөрийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Япон улстай хамтарсан бэлтгэл хийж, тэднээс суралцаж байсан тухайгаа мөн дурссан билээ.МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Пёнчаны олимпод амжилттай оролцож эхний алтан медалиа хүртсэн Японы багт баяр хүргэхийн ялдамд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй Sport For Tomorrow, Jenesys хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.Японы Олимпийн Хорооны ерөнхийлөгч Ц.Такеда Монгол улсын шигшээ багт баяр хүргэн, \”Токио 2020” наадмын бэлтгэл ажлын хүрээнд манай шигшээ багт бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.