Олимпийн наадмын уран гулгалтын хосын бүжгийн төрлийн тэмцээн болж өндөрлөлөө. Бүжгийн төрөлд нийт 20 хос өрсөлдөж Канадын Тесса Вертью, Скотт Моир нар богино бүжгийн үзүүлбэрт 86.67, чөлөөт бүжгийн төрөлд 122.40 оноо авч, нийлбэр 206.7 оноогоор олимпийн аварга болжээ. Тэд найман жилийн өмнө 2010 оны Ванкуверийн олимпиос анхны алтан медалиа авч байсан бөгөөд өчигдөр хошой аварга болсон юм. Тесса Вертью, Скотт Моир нар энэ үеэр зодог тайлж буйгаа зарласан байна.
Энэ төрөлд мөнгөн медалийг дэлхийн хошой аварга Францын хос Сизерон Гуилами, Габрела Пападакис хоёр үзүүлбэрийн нийлбэр 205.28 оноогоор хүртжээ. Энэ нь Сизерон Гуилами, Габрела Пападакис нарын хувьд олимпийн наадмаас хүртэж буй анхны медаль нь болж байгаа юм. Олимпийн наадмын уран гулгалтын хосын бүжгийн төрлийн хүрэл медалийг Америкийн Алекс Шибутани, Мариа Шибутани нар 192.59 оноогоор зүүжээ. Америкийн нөгөө хос болох Мэдисон Хаббел, Закари Дөхие нар богино бүжгийн үзүүлбэрт 77.75 оноо авч гуравдугаар бичигдэж байсан ч чөлөөт бүжгийн төрөлд алдаа гаргаж 109.94 оноо авч дөрөвдүгээр байр эзэлжээ.