Төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нэлээн ноцтой ярилцлага \”Өдрийн сонин”-д өгчээ. Тэрээр уг хэргийг анх шалгаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх өрнөсөн процесс болон хэргийг хэрхэн илрүүлсэн, ямар саад бэрхшээл байсан талаар ний нуугүй ярьсан байна. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат \”Энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр \”Сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа үйл явдлууд, улс төрийн бүлэглэлүүд маш идэвхтэй реакц, хариу үйлдэл үзүүлж байгаа нь хэргийг шалгаж дуусах үр дүн рүү дөхүүлж байж магадгүй. Энэ хэргийг хууль хяналтынхан илрүүлээд шийдвэрлэж байгаа нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна” гэсэн байна.
Мөн Г.Эрдэнэбат нэгэн шинэ мэдээлэл өгсөн нь С.Зориг агсны хэргийг илрүүллээ хэмээн мэдээлдэг ч төрийн нууцтай холбоотой асуудал нууц хэвээрээ л байгаа гэдгийг онцолжээ. Тэрээр \”Өнөөдөр энэ хэрэг их төвөгтэй нөхцөл байдалд байна. Хүмүүс С.Зоригийн хэргийг ил болголоо гэж ярьж байна. Гэвч зарим хэсгийг нь л ил болгоод байгаа шүү дээ. Хэрэгт холбоотой зарим хэсгийг хэн ч ярих боломжгүй болгоод нууцын зэрэглэлд үлдээсэн. Нуухаас өөр арга байхгүй. Заавал нуудаг. Төрийн нууцтай холбоотой асуудлыг ил гаргаж ярьж болдоггүй. Үүнээс болоод мөрдөн байцаах газар, прокурор, шүүхийг хүн хэлмэгдүүлээд хуйвалдаж байгаа юм шигээр зарим хүн олон нийтэд харагдуулаад байна” гэсэн байна.