УИХ-ын гишүүн Д.Гантулгыг нийслэлийн Прокурорын газраас яллагдагчаар татан, тогтоолыг нь танилцуулж байцаалт авахаар удаа дараа дуудсан боловч ирэхгүй байгаа аж. Тиймээс түүнийг албадан ирүүлэх саналаа тус газраас шүүхэд хүргүүлсэн байна. Энэ тухай дээрх газрын хяналтын прокурор Г.Бясман \”Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татаж, тогтоолоо танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан ч орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоо хүртэл ирээгүй.
Ер нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хэн ч бай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд ирэх үүрэгтэй. Ирээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Иргэн Н-г хүчирхийлсэн, ШШҮХ-гийн холбогдох албан тушаалтан, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэх хоёр хэргийн хувьд хоорондоо харилцан хамааралтай бөгөөд хоёр өөр газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгах нь хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд, сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзээд АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол гарсан” хэмээн өчигдөр мэдээлсэн юм.
Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч прокурорын саналтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлд заасны дагуу Д.Гантулгыг албадан ирүүлэх захирамжийг өчигдөр үдээс хойш баталж, НПГ, АТГ-т хүргүүлсэн байна.