Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт Засгийн газраас Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Үйлдвэрчний эвлэлээс МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчийн төлөөллийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга Г.Баярсайхан \”Засгийн газраас 2016 оны төсвийг УИХ-д оруулж ирэхдээ төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах, төрийн албаны орон тоог цөөрүүлэхээр тусгасныг Хөдөлмөрийн яам анхнаасаа дэмжээгүй. Гэхдээ хэн нэгний цалинг хасах, орон тоог бууруулах тухай асуудал байхгүй. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед цалин нэмэх гэхээсээ илүүтэй ажлын байр, цалин орлогыг тогтвортой хадгалах ёстой” гээд Үйлдвэрчний эвлэлийн талыг асуудалд бодитой хандахыг уриаллаа. МАОЭНХ ч мөн адил Засгийн газартай адил байр суурь баримталж буйгаа илэрхийлэв.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар хэлэлцээрийн 3.4-т заасан төрийн албан хаагчдын 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд зарцуулахаар тусгасан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр болсон байна. Мөн Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийг дагаж гарах УИХ-ын тогтоолд төрийн албан хаагчдын цалинг 2016 онд нэмэгдүүлэхтэй холбогдсон саналыг тусгахаар талууд тохиолцсон. Ингээд нэмэлт хэлэлцээрт МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг 2016 оны нэгдүгээр улиралд багтааж шийдвэрлэх саналыг тусгахаар боллоо.
Эх сурвалж: www.assa.mn