\”Автомашинаа гражид тавьчихаад ирье” гээд гарсан
залуугийн цогцос зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олдсон сэтгэл
сэрдхийлгэм хэрэг гаргасан билээ. Сүхбаатар дүүрэгт амьдардаг залуугийн цогцос
хөвсгөл нууранд, харин автомашин нь яагаад нуурын эрэг дээр байв. Эндээс л маш
аймшигтай хэрэг гарсан уу гэх төсөөллийг бий болгоод байгаа юм.
Талийгаач Л нь \”Ирвэс хамгаалах
сан”-гийн биологичоор ажилладаг байж. Магадгүй энэ мэргэжил нь түүнийг үхэлд хүргэв үү гэх
хардлагыг төрүүлж байгаа юм.
Ингэж хардахад учир бий. Учир нь Л өмнө нь хоёр ч удаа дарамтанд орж,
хутгалуулж, үхэхээс наагуур байдал орж байжээ.
Тодруулбал, 2014 оны тавдугаар сард дөрвөн залууд хутгалуулж, гэмтлийн
эмнэлэгт хүргэгдэж байсан байна. 2015 оны дөрөвдүгээр сард хөдөө ажиллаж
байхдаа мөн л хэвлийдээ хутгалуулж, хүнд гэмтэл авч байж. Үүний дараа буюу
өнгөрөгч тавдугаар сард хар автомашинтай үл таних хүмүүс түүнийг хүчээр авч явж,
сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Энэ бүгдээс айсан залуу нуугдаж, хөдөө гэртээ зусчихаад хотод ирээд сар ч
болоогүй байхдаа ийнхүү амиа алдав. Өөрөөр хэлбэл талийгаач эзэмшсэн
мэргэжилтэйгээ холбоотойгоор бусдын гарт амиа алдсан уу гэж хардахад хүргэж
байгаа юм.
Сүхбаатар дүүрэгт амьдардаг хүн \”автомашинаа гражид тавьчихаад ирнэ” гэж
гараад сураггүй болж, улмаар цогцос нь Хөвсгөл нуураас олдлоо гэсэн мэдээлэл
иртэл ар гэрийнхэнд нь хүнд байсан нь ойлгомжтой биз. Гэвч талийгаачийг амиа
хорлосон байж болзошгүй гэх мэдээллийг ар гэрийнхэнд нь хуулийн байгууллагаас
өгсөн байгаа юм.
Харин талийгаачийн аав хэвлэлд өгсөн ярилцлага даа \”Хүү минь \”намайг дөрөв
дэх удаагаа барьцаалж, сүрдүүлж байна” гэж ярьсан нь утсан дээр хураагдсан
байгаа. Дээрэмчин, алуурчин нөхөд л миний хүүг барьж авсан нь ойлгомжтой. Хотод
байсан хүн хаа байсан Хөвсгөл рүү айж зугтаж гарна гэдэг их л дарамт байсан
байж. Далай руу өөрөө яваад орсон байлаа гэж бодоход тэр хэмжээний дарамт
шахалт байсан гэсэн үг” хэмээн дурджээ.
Тэгвэл ирвэс хамгаалах нийгэмлэгт судалгааны ажил хийдэг залуу яагаад
бусдын дарамт шахалтанд оров. Түүнд лиценз олгох эрх мэдэл байхгүй. Бусдыг
шалгаж, торгох ч мэдэлгүй. Ийм хүн яагаад бусдын дарамтанд орох болов гэдэг хариулт
нэхсэн асуултууд гарч ирж байна.
Хар машинтай хүмүүс, хоёр удаагийн халдлага энэ бүгд хэн нэгний захиалга байв
уу, эсвэл зүгээр л дайрлага байв уу. Хайран сайхан залуу хийж бүтээх насандаа
учир битүүлгээр амь насаа алдчихлаа. Шүүх цагдаа шударга ажиллаж, хэргийн үнэн
мөнийг тогтоох болтугай.