Энэтхэгийн эмч нар саяхан 31 настай эрэгтэйн тархинаас 1.8 кг жинтэй хавдрыг авчээ. “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, энэ нь “дэлхийн хамгийн том тархины хавдар” ч байж магадгүй гэнэ.
Энэтхэгийн баруун нутгийн Мумбай хотын эмнэлгийн мэс засалчид энэ сарын 14-нд долоон цаг ажилласны эцэст ийм том хавдрыг авч хаяж чадсан байна. “Мэс засал амжилттай болсон эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байна. Гэхдээ түүний амь насанд аюулгүй” гэж эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Тримурти Надкарни ярьжээ. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужийн оршин суугч Сантлал Пал гурван жилийн өмнө ийм хавдартай болсон аж. Эмчийн хэлснээр, С.Пал энэ хавдрын улмаас хараагүй болсон байна. Хагалгааны ачаар С.Палын хараа аажмаар сэргэнэ гэж эмч нар болон өвчтний ар гэрийнхэн найдаж байна.