Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлээд буй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийн 4.1-т заасны дагуу Монгол Улсын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс манай тамирчид өөр улсын нэрээр тэмцээн уралдаанд өрсөлдөхийн тулд Монгол Улсын иргэншлээс татгалзах ёстой аж.
Энэ дагуу эрэгтэйчүүдийн Жүдо бөхийн Үндэсний шигшээ багт багтдаг, -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, -81кг-д Н.Дагвасүрэн, 100кг-д тус тус өрсөлддөг Б.Тэмүүлэн нар АНЭУ-ын өмнөөс барилдах шийдвэр гаргасан тул тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлтээ илгээгээд байна.
Хэрвээ Ерөнхийлөгч энэ хүсэлтийг хүлээн авбал тамирчид тус улсад тусгай хангамжтайгаар жилд 35 мянга буюу түүнээс дээш ам.долларын цалин авна. Тэгэхээр тэдний ирээдүйг Ерөнхийлөгч хэрхэн шийдэх нь спортынхны дунд хүлээлт үүсгэлээ. Жүдочдын хувьд ирэх сараас гэрээ хэлэлцээрээ хийж, тавдугаар сараас АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож эхлэх юм.